Wednesday, October 13, 2010

хайрт найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе

Өнөөдөр миний хамгийн дотны найзын маань төрсөн өдөр билээ. Анх нэгдүгээр ангид үсээ хоёр хуваагаад сүлжсэн ягаан пальтотой циркийн зурагтай үүрдэг цүнх үүрсэн охин шилжиж ирж билээ. Гэр нэг зүгт таарсан болохоор тэр өдрөөс эхэлж үерхэж эхэлсэн дээ. Хөгжилтэй хөгжөөнтэй дурсамжтай олон сайхан жилийг үдсээр нэг мэдэхэд 22 жил болсон байна. Охид гэхэд нэг удаа ч ам муруйж үзээгүй гэхээр зарим хүмүүс гайхдаг л юм.

Надаас найм хоногийн ах болохоор ч тэр үү их намбатай шүү миний найз.

Хайрт найздаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Хүний нутагт биеэ сайн бодож байгаарай.

Чамд минь инээмсэглэл чинь үнэхээр сайхан зохидог шүү. Үргэлж инээмсэглэж яваарай.

Хүслээгийн минь хүссэн бүх мөрөөдөл нь биелээсэй.

Tuesday, August 10, 2010

nutagtaa hariad irlee

Эх орондоо очоод ирлээ. Ямар сайхан юм бэ хүний эх орон эцэг эх, эгч дүү, элгэн садан гэдэг чинь. Онгоцноос буунгуут л агаар нь үнэхээр сайхан.
Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгаа авахад минь
Мөнхийн усыг амсах шиг
Цэлмэн цэлмэн уужирна гэдэг ч яах аргагүй үнэн юмаа.
Ямар уудам юм бэ монголын тал нутаг,
ямар уужим юм бэ монгол хүний сэтгэл,
ямар цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр
ямар цэнгэг юм бэ Монголын ариун агаар

Хаашаа ч харсан Монгол хүн нэг л сэтгэлд дотно. Санаж санаж очсон болохоор ч тэр үү үнэхээр сайхан.
Хэд хоночихоод буцаад Японд ирээд онгоцноос буухад саун руу орж байгаа юм шиг бүгчим халуун тосоход эргээд л онгоцондоо суугаад Монгол руугаа явмаар санагдсан.
Даанч энд зорьж ирсэн ажлаа дуусгаад эргээд Монголдоо бүрмөсөн очно доо гэсэн сэтгэлээр л өөрсдийгөө зоригжуулж байна даа.

Харангын Лхагваагийн "Сар шиг хол нутаг" сонсохоор өөрийн эрхгүй огших юм даа.

Миний сайхан эх орон. Гадаад амьдарч буй Монголчуудаа эргэж нутагтаа очиж их зүйлийг бүтээж Монголынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахыг уриалж байна шүү.
Таны бидний хувь нэмэр маш их хэрэгтэйг мэдэрч ирлээ.

Friday, May 7, 2010

ахыгаа дурсахуй

миний ээжийн бага дүү их л сэргэлэн, айлын бага нь болохоороо ч тэрүү ач нартаа арай ойр нь байв. цагаан сараар ач нартай разговор хийнэ айлд ороод айлын тавгын идээнээс том чихрүүд авч болохгүй, айлд сахилгагүйтэхгүй гэх мэт зөвлөгөөг өгөн бидэндээ л зөвлөгөөг өгдөг байлаа. Инээд алдсаар орж ирэн мэндийн үг сольчихоод хөргөгч рүү очин онгойлгож амттай юм эргүүлж байгаад гардагсан. хүмүүст байнгын инээд хөөр бэлэглэдэг, сэтгэл нь үргэлж өөдрөг байдаг ахыгаа ийм залуу насандаа биднийгээ орхиод явна гэж даанч санасангүй дээ. ум мааний бад ми хум

Monita

Нэг долоо хоногийг маш хөгжилтэй өнгөрүүлсэний эцэст эрхэм төгсөгчдөө гаргаж өгөх үдэх зугаалган дээр монитагийн ээдрээ тайлагдав. миний бодож байснаас өөр хүн байсан нь миний монита муугүй нинжа болохыг мэдэвээ. миний сугалсан монита бас намайг гэж мэдээгүй байсан нь миний хайрын сайн нинжадасаных байхдаа. би өөрөө очиж бэлгээ хийх боломжгүй байсан учир нөхрөөрөө хийлгэдэг байв шуудангийн хайрцаганд нь. монголдоо байгаа юм шиг хорхог хийж идэнгээ нутгийн идээ амсан нэг өдрийг маш сайхан өнгөрүүлэвээ. манайханы дундаас түрүүлж ирсэн эрхэм докторууд тэдний маань гэр бүлүүд буцах болж нийт 9 хүн нутгийн зүг буцахад багагүй дассан байснаа мэдэрч нүднээс нулимс урсаад цагаа тулахаар хэцүү юм байналээ шүү. хүний газар эрдэм сураад эх орондоо ихийг бүтээх залуусдаа амжилт хүсье дээ. монита бичиж байснаа хадуурсанд уучлаарай

Friday, March 19, 2010

Monita гэж

Оюутан байхад манай сургууль танилцах үдэшлэгийн өмнө Монитаг зохион байгуулдаг байв. тэр үед оюутан бүр интернэт ашигладаггүй байсан болохоор өдөртөө бэлгээ аваад, сугалсан хүндээ хир таарсан юм авч өгчихөөд дуусгаж билээ. 5 хоногийн өмнөөс манайхан Монита хэмээх тоглоомыг тоглож байгаа юм. Хүн бүхэн идэвхи санаачлагатай оролцоод сугалсан хүнээ баярлуулаад намайг бас хэн нэгэн сугалсан тул өдөр болгон баярлуулж баярласан сэтгэгдлээ е-мail дээрээ бичиж бас болоогүй тэрний монита тэр байх гээд л бөөн таамаглал, төөрөгдөл дунд бас баяр хөөр, догдлол хүлээлт дунд өнгөрөөж байна. Орой унтахдаа миний монита хэн бол, өглөө сэрээд өнөөдөр намайг хэрхэн баярлуулах бол гээд л. Бас болоогүй email -ээ уншиж хэн хэнийг яаж баярлуулсан бол гэдгийг сонирхоод л бие биенээ тагнаад, сэжиглээд л их хөгжилтэй байна. Зарим хүмүүс монита-даа шинэ хаяг нээж өгөөд онигоо энэ тэр бичиж өгч байна гэнэ шүү цаана чинь. Нэг хэсэг нь цонхны тагтан дээр нь харанхуй шөнөөр бэлгээ аваачиж тавьж байна гэнэ дээ. Монитадаа зориулж шүлэг, дуу зохиогоод ил, далд авьяасууд илэрч байна даа.
Алдарт монита-гаа энэ сарын 21-нд задалж нууц задрах байх даа. Эргээд оюутан цагтаа очсон юм шиг л санагдаад сайхан байнаа. Монита задрахаар үргэлжлэлийг бичнээ. Гэхдээ би нинжагаа apple компанийн сурталчилгаанд тоглуулах бодолтой байгаа хэхэ.Манайхан монита-г сонгодог утгаар нь тоглож байх шиг байнаа. Хүн хүнээ баярлуулж явах хамгийн сайхаан.

Monday, March 8, 2010

эмэгтэйчүүдийн баяраар ээжийгээ их санах юм

Энэ хорвоогийн чимэг нь бүсгүй хүн шүү дээ. Өнөөдөр их сайхан өдөр байнаа. өглөөнөөс эхлээд баяр хүргүүлээд уран сайхан үгтэй мэндчилгээнүүд ар араасаа ирээд л. Ээжийгээ л их санаж байна. өглөө камераар хараад л хөөрхий муу ээж минь хөгширч байна даа гэж бодсон.
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай.
Хүний нутагт аав ээжээсээ хол байхаар утасны цаанаас амар мэндийг асуухаас шалихгүй, ганц литр сүү дөхүүлээд өгч чадахгүй юм даа. ачийг нь жаахан ч болтугай хариулна гэж бодож явдаг болохоор биднийгээ очтол эрүүл энх байж байгаарай миний ЭЭЖЭЭ.

Monday, March 1, 2010

Даваажаргалын хурим


Мөнхбат аваргын хүү Даваажаргалын хурим 27-нд манай хотод болж өнгөрөв. Элэг нэгт монгол түмний минь нэг Хакухогийн хурим болж байгаа болохоор бид хэд ч болох сургаар нь оччих юмсан гэсэн санаатай байв. Санаж явбал бүтнэ гэдэг үг байдаг даа. Манайхан санасандаа хүрч аваргатайгаа уулзаж баяр хүргэн хэдэн дурсгалын зураг татуулав. Сүртэй сайхан хурим болов. Хөөрхөн хүү охин хоёртой тэдэндээ аз жаргал сайн сайхныг хүсье. Мөөеө аварга аргагүй л Монгол бөхийн зангарагтай хүн юм. Сайхан хийморьтой харагдаж байна лээ.

боулингийн тэмцээн


2 сарын 20-нд манай хотод амьдардаг монголчуудын маань боулингийн тэмцээн болов оо. 4 хүнтэй 4 баг өрсөлдсөнөөс манай "Эвт шаазгай" баг нийлбэр оноогоороо тэргүүлэв. Багийн гишүүн миний хувьд анх удаа бөмбөгийг нь барьж үзсэн гэхдээ багийнханыхаа хүчинд түрүүлэвээ хэхэ. ер нь хааяа даа очиж тоглож байвал зүгээр спорт санагдсан шүү. Манайхан хүний нутагт бие биендээ дэм болж эвтэй сайхан байдаг . ер нь хүний нутагт гэлгүй эх орондоо байгаа монголчууд маань эвтэй байвал олон зүйлийг бүтээж, эх орноо хөгжүүлж чадна гэдэгт итгэж байнаа.Удахгүй манайханы сагсан бөмбөгийн тэмцээн болно доо.

Thursday, January 14, 2010

Ханьдаа

Хань минь охиноо бүү эрхлүүл
Халуун хайраа дотроо нууцал
Хал юугаа гаднаа харуул
Хань минь охиноо бүү эрхлүүл
Налигалаа гээд охин минь
Нар болохгүй
Эрхэллээ гээд үр минь
Эрдэм сурахгүй
Хөрст газар өргөстэй байдгийг
Хөлийнхөө улаар мэдрэг яадаг юм
Хөр цасыг цойлдон байж
Яргуй ургадагийг ойлгог яадаг юм
Эс тэгвээс хань минь дээ
Эвий охин минь биеэр л өснө
Огторгуйн солонго шиг бүсгүй боллоо ч
Оюун санаа нь нялхаараа үлдэнэ
Алим жимс тавагнаас ургадаг
Айраг сүү цоргоноос урсдаг
Цэцэгт алчуур солонгоноос унадаг
Цэмбэ торго лангуунаас унждаг гэж
Алдрайхан охин минь боддог болбол яана
Амьдралын их далайд хөл алдвал яана
Гадаа хаяанд нь ой байхад
Галгүй хонож зутарвал яана
Шөнийн тэнгэрт түгсэн од шиг
Сүргийн дэргэд хар цай уувал яана
Хайртай юм уу гэтэл унаж байхад нь зандардаг
Халтай юм уу гэтэл унтаж байхад нь өхөөрддөг
Ээж аав биднийг торниулсан
Эгч ах биднийг хүмүүжүүлсэн
Энхийн хөдөлмөр дайны талбарт ч тэнцэх
Иргэн болж бид өссөн
Төрийн нуруу түвшин бол
Түмнийхээ жагсаалд охин минь нийлнэ
Олдошгүй эрдэнэ шиг тахиад байвал
Олныхоо алхаанаас хөл нь зөрнө
Эцгийн гэрийн босгоны ард
Эмгэн болбол өөрт нь муухай
Эрийн заяа тэтгэж гэлээ ч
Эцгийн хүүд насны мануухай
Эрхийг сургахаар ээж минь та
Бэрхийг сургах нь даан ч яав даа гэж
Хал үзэж хашир суугаад
Хайртай охин минь зэмлэвэл яана
Хань минь охиноо бүү эрхлүүл
Халуун хайраа дотроо нууцал
Хал юугаа гаднаа харуул
Хань минь охиноо бүү эрхлүүл

энэ бас үнэн үгтэй шүлэг байна.

Эх хэлээ хайрлая

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн өв их эрдэнэ
Сонсох бүрийд яруу сайхныг гайхан биширч
Сод билэгт түмэн юугаа магтмуй гэсэн сайхан шүлгийн мөр бий. Интернэтээр хэсэж явахад сүүлийн үед манайхан монгол хэлээрээ бичиж байгаа гэхэд хэцүү, хар яриа гудамжны үг хэллэг, гадаад үгсийг их хэрэглэдэг болжээ. Нэгэн багш хүний блог орсон их хөгжилтэй, сонирхолтой сайхан санаа, өөрт тохиолдсон зүйлүүдийн тухай бичдэг боловч хэлзүйн ямар ч соёлгүй, үг үсгийн алдаа байг гэхэд үгээ бүтэн бичиж чадахгүй байгааг уншаад эмзэглэсэн. Мэдээллийн эрин зуунд бие биетэйгээ үзэл бодлоо хуваалцалгүй яах вэ гэхдээ таны бичсэн бичлэгийг маш олон хүн уншиж байгаа болохоор жоохон хичээгээд монгол үгээ бүтнээр нь болж өгвөл алдаагүй бичиж байвал уншиж байгаа хүндээ ч гэсэн илүү ойлгомжтой, тодорхой байх болов уу. Би хэл шинжлэлийн ухааны хүн биш л дээ. Миний хэлэх гэсэн санаа бол Монгол хэлээ зөв, дүрмийн дагуу бүгд хэрэглэж сурцгаая гэж уриалах гэсэн юмаа.

Цас


Өвлийн хүйтэнд, цас ороход бүр ч их дуртай. Харамсалтай нь миний амьдарч байгаа хотод цас нэг их ордоггүй гэтэл өчигдөр цас орж би бөөн баяр болов. Цасаа, монголынхоо хүйтнийг бүүр саначихсан байна лээ. Хүүтэйгээ гарч хэдэн зураг дарав. Цасны тухай дуу аялмаар санагдаад хэ хэ. Хүүхэд байхдаа хацраа хайртал уулан дээрээс гулгаад бээлий нь хөлдчихсөн байгааг анзаарах сөхөөгүй гулгаад л гулгаад л. уулын уруу гулгаж буух нь сайхан ч өөдөөгөө чаргаа чирч гарах нь залхуутай ч юм шиг. чаргатайгаа онхолдоноо заримдаа тэгээд л дээшээ хараад хэвтэхэд гүн цэнхэр тэнгэр миний монгол ёстой сайхан шүү. Зузаан шинэхэн орсон цасан дээр алхахаар чихарч дуугараад л цасан хэвтэж мөрөө гаргана цэцэг хийнэ бас тракторын мөр энэ тэр хийгээ л хүүхэд байхад ч гуних завгүй сайхан байж дээ. Чаргаа өөрөө залаад л уралдаад л. Бас болоогүй ээ цасаа бас иднэ. гуталны түрийнд цас байж байна нэг сэгсэрчихээд л дахиад углачихна хэ хэ. даанч энд орсон цас их хурдан хайлах юмаа.

Wednesday, January 6, 2010

Хайрын өнгө

Охин үрээ хайрла!


Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна

Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!

Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла

Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо

Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

Энэ шүлгийг уншихаар нээрээ л охин үр минь гэх сэтгэл хэн хүнгүй төрнө Харин Тангадын Галсан гуай далаад оны тэртээ ийм нэгэн шүлэг бичсэн байхыг ээж маань үр хүүхдүүддээ зориулж дэвтэртээ бичиж үлдээснийг хүргэж байна.

avator-г үзлээ

Sunshine кинотеатрт Avator уран сайхны киног үзлээ. Үнэхээр тасарчихсан кино гэж үүнийг хэлэх байх. Үйл явдал өрнөл ерөнхийдөө хүн байгальтай амин холбоотой байдагийг бид эх дэлхийнхээ байгалийг эвдэж дуусгаад өөр ертөнц рүү довтолж байгаа болон хүн төрөлхтөн бид байгалиа хайрлахгүй байгаааг харуулсан, хэдийгээр оюун ухаант хүний бүтээсэн хүчирхэг тоног төхөөрөмжийг хүртэл байгаль ан амьтад өөрсдөө хамгаалж чадаж байгааг үзүүлсэн. Киноны үйл явдлыг бичихийг урьтал болгосонгүй хүмүүсээ та бүхнийг зүгээр л кинотеатрт 3d нүдний шилээр энэ киног үзэхийг зөвлөж байна. Ер нь бол кино түүхэнд тэсрэлт хийсэн бүтээл болохыг нь маш олон үзүүлэлтүүд баталж байгаа юм байна лээ.