Friday, March 19, 2010

Monita гэж

Оюутан байхад манай сургууль танилцах үдэшлэгийн өмнө Монитаг зохион байгуулдаг байв. тэр үед оюутан бүр интернэт ашигладаггүй байсан болохоор өдөртөө бэлгээ аваад, сугалсан хүндээ хир таарсан юм авч өгчихөөд дуусгаж билээ. 5 хоногийн өмнөөс манайхан Монита хэмээх тоглоомыг тоглож байгаа юм. Хүн бүхэн идэвхи санаачлагатай оролцоод сугалсан хүнээ баярлуулаад намайг бас хэн нэгэн сугалсан тул өдөр болгон баярлуулж баярласан сэтгэгдлээ е-мail дээрээ бичиж бас болоогүй тэрний монита тэр байх гээд л бөөн таамаглал, төөрөгдөл дунд бас баяр хөөр, догдлол хүлээлт дунд өнгөрөөж байна. Орой унтахдаа миний монита хэн бол, өглөө сэрээд өнөөдөр намайг хэрхэн баярлуулах бол гээд л. Бас болоогүй email -ээ уншиж хэн хэнийг яаж баярлуулсан бол гэдгийг сонирхоод л бие биенээ тагнаад, сэжиглээд л их хөгжилтэй байна. Зарим хүмүүс монита-даа шинэ хаяг нээж өгөөд онигоо энэ тэр бичиж өгч байна гэнэ шүү цаана чинь. Нэг хэсэг нь цонхны тагтан дээр нь харанхуй шөнөөр бэлгээ аваачиж тавьж байна гэнэ дээ. Монитадаа зориулж шүлэг, дуу зохиогоод ил, далд авьяасууд илэрч байна даа.
Алдарт монита-гаа энэ сарын 21-нд задалж нууц задрах байх даа. Эргээд оюутан цагтаа очсон юм шиг л санагдаад сайхан байнаа. Монита задрахаар үргэлжлэлийг бичнээ. Гэхдээ би нинжагаа apple компанийн сурталчилгаанд тоглуулах бодолтой байгаа хэхэ.Манайхан монита-г сонгодог утгаар нь тоглож байх шиг байнаа. Хүн хүнээ баярлуулж явах хамгийн сайхаан.

Monday, March 8, 2010

эмэгтэйчүүдийн баяраар ээжийгээ их санах юм

Энэ хорвоогийн чимэг нь бүсгүй хүн шүү дээ. Өнөөдөр их сайхан өдөр байнаа. өглөөнөөс эхлээд баяр хүргүүлээд уран сайхан үгтэй мэндчилгээнүүд ар араасаа ирээд л. Ээжийгээ л их санаж байна. өглөө камераар хараад л хөөрхий муу ээж минь хөгширч байна даа гэж бодсон.
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай.
Хүний нутагт аав ээжээсээ хол байхаар утасны цаанаас амар мэндийг асуухаас шалихгүй, ганц литр сүү дөхүүлээд өгч чадахгүй юм даа. ачийг нь жаахан ч болтугай хариулна гэж бодож явдаг болохоор биднийгээ очтол эрүүл энх байж байгаарай миний ЭЭЖЭЭ.

Monday, March 1, 2010

Даваажаргалын хурим


Мөнхбат аваргын хүү Даваажаргалын хурим 27-нд манай хотод болж өнгөрөв. Элэг нэгт монгол түмний минь нэг Хакухогийн хурим болж байгаа болохоор бид хэд ч болох сургаар нь оччих юмсан гэсэн санаатай байв. Санаж явбал бүтнэ гэдэг үг байдаг даа. Манайхан санасандаа хүрч аваргатайгаа уулзаж баяр хүргэн хэдэн дурсгалын зураг татуулав. Сүртэй сайхан хурим болов. Хөөрхөн хүү охин хоёртой тэдэндээ аз жаргал сайн сайхныг хүсье. Мөөеө аварга аргагүй л Монгол бөхийн зангарагтай хүн юм. Сайхан хийморьтой харагдаж байна лээ.

боулингийн тэмцээн


2 сарын 20-нд манай хотод амьдардаг монголчуудын маань боулингийн тэмцээн болов оо. 4 хүнтэй 4 баг өрсөлдсөнөөс манай "Эвт шаазгай" баг нийлбэр оноогоороо тэргүүлэв. Багийн гишүүн миний хувьд анх удаа бөмбөгийг нь барьж үзсэн гэхдээ багийнханыхаа хүчинд түрүүлэвээ хэхэ. ер нь хааяа даа очиж тоглож байвал зүгээр спорт санагдсан шүү. Манайхан хүний нутагт бие биендээ дэм болж эвтэй сайхан байдаг . ер нь хүний нутагт гэлгүй эх орондоо байгаа монголчууд маань эвтэй байвал олон зүйлийг бүтээж, эх орноо хөгжүүлж чадна гэдэгт итгэж байнаа.Удахгүй манайханы сагсан бөмбөгийн тэмцээн болно доо.