Wednesday, October 13, 2010

хайрт найздаа төрсөн өдрийн мэнд хүргэе

Өнөөдөр миний хамгийн дотны найзын маань төрсөн өдөр билээ. Анх нэгдүгээр ангид үсээ хоёр хуваагаад сүлжсэн ягаан пальтотой циркийн зурагтай үүрдэг цүнх үүрсэн охин шилжиж ирж билээ. Гэр нэг зүгт таарсан болохоор тэр өдрөөс эхэлж үерхэж эхэлсэн дээ. Хөгжилтэй хөгжөөнтэй дурсамжтай олон сайхан жилийг үдсээр нэг мэдэхэд 22 жил болсон байна. Охид гэхэд нэг удаа ч ам муруйж үзээгүй гэхээр зарим хүмүүс гайхдаг л юм.

Надаас найм хоногийн ах болохоор ч тэр үү их намбатай шүү миний найз.

Хайрт найздаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Хүний нутагт биеэ сайн бодож байгаарай.

Чамд минь инээмсэглэл чинь үнэхээр сайхан зохидог шүү. Үргэлж инээмсэглэж яваарай.

Хүслээгийн минь хүссэн бүх мөрөөдөл нь биелээсэй.

Tuesday, August 10, 2010

nutagtaa hariad irlee

Эх орондоо очоод ирлээ. Ямар сайхан юм бэ хүний эх орон эцэг эх, эгч дүү, элгэн садан гэдэг чинь. Онгоцноос буунгуут л агаар нь үнэхээр сайхан.
Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгаа авахад минь
Мөнхийн усыг амсах шиг
Цэлмэн цэлмэн уужирна гэдэг ч яах аргагүй үнэн юмаа.
Ямар уудам юм бэ монголын тал нутаг,
ямар уужим юм бэ монгол хүний сэтгэл,
ямар цэлмэг юм бэ Монголын хөх тэнгэр
ямар цэнгэг юм бэ Монголын ариун агаар

Хаашаа ч харсан Монгол хүн нэг л сэтгэлд дотно. Санаж санаж очсон болохоор ч тэр үү үнэхээр сайхан.
Хэд хоночихоод буцаад Японд ирээд онгоцноос буухад саун руу орж байгаа юм шиг бүгчим халуун тосоход эргээд л онгоцондоо суугаад Монгол руугаа явмаар санагдсан.
Даанч энд зорьж ирсэн ажлаа дуусгаад эргээд Монголдоо бүрмөсөн очно доо гэсэн сэтгэлээр л өөрсдийгөө зоригжуулж байна даа.

Харангын Лхагваагийн "Сар шиг хол нутаг" сонсохоор өөрийн эрхгүй огших юм даа.

Миний сайхан эх орон. Гадаад амьдарч буй Монголчуудаа эргэж нутагтаа очиж их зүйлийг бүтээж Монголынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахыг уриалж байна шүү.
Таны бидний хувь нэмэр маш их хэрэгтэйг мэдэрч ирлээ.

Friday, May 7, 2010

ахыгаа дурсахуй

миний ээжийн бага дүү их л сэргэлэн, айлын бага нь болохоороо ч тэрүү ач нартаа арай ойр нь байв. цагаан сараар ач нартай разговор хийнэ айлд ороод айлын тавгын идээнээс том чихрүүд авч болохгүй, айлд сахилгагүйтэхгүй гэх мэт зөвлөгөөг өгөн бидэндээ л зөвлөгөөг өгдөг байлаа. Инээд алдсаар орж ирэн мэндийн үг сольчихоод хөргөгч рүү очин онгойлгож амттай юм эргүүлж байгаад гардагсан. хүмүүст байнгын инээд хөөр бэлэглэдэг, сэтгэл нь үргэлж өөдрөг байдаг ахыгаа ийм залуу насандаа биднийгээ орхиод явна гэж даанч санасангүй дээ. ум мааний бад ми хум

Monita

Нэг долоо хоногийг маш хөгжилтэй өнгөрүүлсэний эцэст эрхэм төгсөгчдөө гаргаж өгөх үдэх зугаалган дээр монитагийн ээдрээ тайлагдав. миний бодож байснаас өөр хүн байсан нь миний монита муугүй нинжа болохыг мэдэвээ. миний сугалсан монита бас намайг гэж мэдээгүй байсан нь миний хайрын сайн нинжадасаных байхдаа. би өөрөө очиж бэлгээ хийх боломжгүй байсан учир нөхрөөрөө хийлгэдэг байв шуудангийн хайрцаганд нь. монголдоо байгаа юм шиг хорхог хийж идэнгээ нутгийн идээ амсан нэг өдрийг маш сайхан өнгөрүүлэвээ. манайханы дундаас түрүүлж ирсэн эрхэм докторууд тэдний маань гэр бүлүүд буцах болж нийт 9 хүн нутгийн зүг буцахад багагүй дассан байснаа мэдэрч нүднээс нулимс урсаад цагаа тулахаар хэцүү юм байналээ шүү. хүний газар эрдэм сураад эх орондоо ихийг бүтээх залуусдаа амжилт хүсье дээ. монита бичиж байснаа хадуурсанд уучлаарай

Friday, March 19, 2010

Monita гэж

Оюутан байхад манай сургууль танилцах үдэшлэгийн өмнө Монитаг зохион байгуулдаг байв. тэр үед оюутан бүр интернэт ашигладаггүй байсан болохоор өдөртөө бэлгээ аваад, сугалсан хүндээ хир таарсан юм авч өгчихөөд дуусгаж билээ. 5 хоногийн өмнөөс манайхан Монита хэмээх тоглоомыг тоглож байгаа юм. Хүн бүхэн идэвхи санаачлагатай оролцоод сугалсан хүнээ баярлуулаад намайг бас хэн нэгэн сугалсан тул өдөр болгон баярлуулж баярласан сэтгэгдлээ е-мail дээрээ бичиж бас болоогүй тэрний монита тэр байх гээд л бөөн таамаглал, төөрөгдөл дунд бас баяр хөөр, догдлол хүлээлт дунд өнгөрөөж байна. Орой унтахдаа миний монита хэн бол, өглөө сэрээд өнөөдөр намайг хэрхэн баярлуулах бол гээд л. Бас болоогүй email -ээ уншиж хэн хэнийг яаж баярлуулсан бол гэдгийг сонирхоод л бие биенээ тагнаад, сэжиглээд л их хөгжилтэй байна. Зарим хүмүүс монита-даа шинэ хаяг нээж өгөөд онигоо энэ тэр бичиж өгч байна гэнэ шүү цаана чинь. Нэг хэсэг нь цонхны тагтан дээр нь харанхуй шөнөөр бэлгээ аваачиж тавьж байна гэнэ дээ. Монитадаа зориулж шүлэг, дуу зохиогоод ил, далд авьяасууд илэрч байна даа.
Алдарт монита-гаа энэ сарын 21-нд задалж нууц задрах байх даа. Эргээд оюутан цагтаа очсон юм шиг л санагдаад сайхан байнаа. Монита задрахаар үргэлжлэлийг бичнээ. Гэхдээ би нинжагаа apple компанийн сурталчилгаанд тоглуулах бодолтой байгаа хэхэ.Манайхан монита-г сонгодог утгаар нь тоглож байх шиг байнаа. Хүн хүнээ баярлуулж явах хамгийн сайхаан.

Monday, March 8, 2010

эмэгтэйчүүдийн баяраар ээжийгээ их санах юм

Энэ хорвоогийн чимэг нь бүсгүй хүн шүү дээ. Өнөөдөр их сайхан өдөр байнаа. өглөөнөөс эхлээд баяр хүргүүлээд уран сайхан үгтэй мэндчилгээнүүд ар араасаа ирээд л. Ээжийгээ л их санаж байна. өглөө камераар хараад л хөөрхий муу ээж минь хөгширч байна даа гэж бодсон.
Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрийг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай.
Хүний нутагт аав ээжээсээ хол байхаар утасны цаанаас амар мэндийг асуухаас шалихгүй, ганц литр сүү дөхүүлээд өгч чадахгүй юм даа. ачийг нь жаахан ч болтугай хариулна гэж бодож явдаг болохоор биднийгээ очтол эрүүл энх байж байгаарай миний ЭЭЖЭЭ.

Monday, March 1, 2010

Даваажаргалын хурим


Мөнхбат аваргын хүү Даваажаргалын хурим 27-нд манай хотод болж өнгөрөв. Элэг нэгт монгол түмний минь нэг Хакухогийн хурим болж байгаа болохоор бид хэд ч болох сургаар нь оччих юмсан гэсэн санаатай байв. Санаж явбал бүтнэ гэдэг үг байдаг даа. Манайхан санасандаа хүрч аваргатайгаа уулзаж баяр хүргэн хэдэн дурсгалын зураг татуулав. Сүртэй сайхан хурим болов. Хөөрхөн хүү охин хоёртой тэдэндээ аз жаргал сайн сайхныг хүсье. Мөөеө аварга аргагүй л Монгол бөхийн зангарагтай хүн юм. Сайхан хийморьтой харагдаж байна лээ.